Сууцаа босгохоос өмнө дээврээ ямар байдлаар хийхээ сонгох хэрэгтэй. Хур тунадас төдийхнөөс хамгаалах дээвэр нь харьцангуй хямд байдаг. Гэвч сууцны гол хэсгийн нэг бүрдэл учраас ихээхэн хүч хөдөлмөр, зардал мөнгө шаарддаг. Тоосгон сууцны нийт зардалд орох дээврийн хийцийн зардал нь сууцны өөрийн өртөгийн 10-15% болдог. Дээвэр нь ханын адил бат бөх хийцтэй, цас болон дээврийн даралтыг даах бүрэн чадвартай, ус чийг болон дуу чимээг тусгаарлах чанартай, хур тунадас, салхинаас хамгаалах, тэдгээрийг тэсвэрлэх, сууцны дотоод дулааныг алдахгүй байх чанарыг тус тус хангасан байх ёстой.

Ер нь сууцны инженерийн зургаа гаргах, материалаа сонгох, хийц, хэлбэрээ зөв шийдэхдээ мэргэжлийн хүнд хандах нь чухал. Манай орон шиг чийгшил харьцангүй бага газар, дээврийн хэт чийгшилт, муудалтанд бага өртдөг боловч дээр дурдсан шаардлагуудыг байнга анхаарах хэрэгтэй.

Дээврийг хонгилтой, хонгилгүй /задгай/ гэж ангилна. Хонгилтой дээврийг сууцны дээд хучилтын дээр хур тунадас зайлуулах налуу хэлбэрээр, дотоод орон зайтайгаар хийдэг. Хонгилгүй дээврийг сууцны дээд хучилтын байдлаас шалтгаалж 6° багагүй налуу хийнэ. Энэ налуу нь дээврийн усыг гадагш зайлуулж урсгах үүрэгтэй бөгөөд ус зайлуулах хоолойгоор ус нь урсаж гадагшлана. Хонгилтой дээврийн дотоод ашиггүй орон зайг ашиглах, хүн амьдрах зориулалтаар хийснийг бид мансард гэдэг. Хучилтын дээд хэсэгт ус чийг тусгаарлагч дэвсэн, дээрээс нь дулаалганд зориулсан ямар нэгэн материалаар /жишээ нь, гүйцэт шатсан үнс г.м/ дулаална.

Хонгилтой дээврийн хийцийг дан хөндөл, налуу хөндөл холбоос, хөндөл, нуруу байдлаар ферм хийцээр үелэн, хооронд нь хөндөл болон нуруугаар холбож өгнө. Сууцны дээврийн хийцийг ихэвчлэн модон хийцээр хийх бөгөөд нуруу, хөндлүүдийг биетэй /ачааг хангалттай даах/ байхаар, нэгж деталд холбоос оруулалгүй хийвэл зохино. Холбоосыг оруулах нөхцөлд модон шулуун хийцийн аргачлалыг үзээрэй. Эдгээр аргачлал нь дээврийн бөх бат байдлыг хангана.

Мэргэжлийн хүний тусламжтайгаар, өөр хэлбэрээр инженерийн шийдлийг гаргаж болно шүү. Дээврийн гол хэсэг нь үечилж тавьсан эдгээр ферм бөгөөд эдгээрийг дээд, доод хэсгээр нь холбоно. Ингэснээр дээврийн гол хэсэг босно. Дээд, доод хэсгийн холбоосны оронд брүсүүдийг дээврийн материалд бэхэлж болох хэмжээнд бэхэлнэ. Түүн дээр дээврийн дээд хэсэг болох дээврийн материалаа /метал, черепиц, шавар паалан черепиц, зөөлөн дээвэр г.м/ бэхэлж өгнө. Сууцаа барихаас өмнө зөв тооцоогүйгээс болж дээвэр сууж хэлбэрээ алдах, хананд нөлөөлж гэмтээх тохиолдол гардагийг санаарай. Дээврийн хөндийг ашиглахгүй тохиолдолд тэр бүр дулаалаад байдаггүй. Ийм нөхцөлд дээврийн доод хэсгийн хучилтыг хангалттай хийж өгөх хэрэгтэйг дахин дурдъя. Дээврийг мансард болгон ашиглах нь сүүлийн үед манайхны дунд түгээмэл болж байна. Ийм нөхцөлд хийц нь хонгилтой дээврийн хийцээс зарчмын хувьд ялгаатай. Учир нь фермийн тулгуур хөндлөвч нь орон зайг бага болгох төдийгүй, хүний чөлөөт хөдөлгөөн, тав тухтай байдлыг хангахгүй. Иймд сууцыг барьж эхлэхээс

өмнө дээврээ мансард болгон ашиглах эсэхээ шийдэх шаардлагатай. Чөлөөт орон зайг бий болгох, хангалттай даацыг бий болгоход доод хэсгийн ханыг тодорхой түвшинд хүртэл өрж, холбоос, тулгуур хэсгийг хүчжүүлсэн байдлаар мансард дахь өрөө хоорондын хана хэсэгт оруулж өгөх хэрэгтэй. Мансардны гол зүйлийн нэг бол цонх юм. Цонхыг эгц босоо, эсвэл дээврийн налуу дагуу байрлуулдаг. Иймд цонхыг ус чийг дотогш орохгүй байхаар хийж, угсрах ёстой. Зарим хүн сууцныхаа мансард хэсгийг зөвхөн зуны улиралд л ашигладаг нь харагддаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, дээврийн мансард хэсгийн дулааныг алдахгүй байх, ус чийг, дуу чимээ нэвтрүүлэхгүй байх нь тав тухтай амьдрах нэмэлт орчныг бүрдүүлж өгөх нь ойлгомжтой.

Дээврийн хучилт

Дээврийг мансард болгон ашиглах тохиолдолд, дээврийн дээд хэсэгт хөндлөн банз бэхлэн, дээгүүр нь хар цаас, эсвэл ус чийгнээс тусгаарлах материалыг сайтар дэвсэн, дээрээс нь дээврийн материалаа бэхэлнэ. Дээврийн хэсгийн ихэнх хэсэг нь модон бүтэцтэй байдаг бөгөөд тоосгон хана, бетон, блокон ханатай харьцах хэсгийн далд орох хэсгийг хар цаас, эсвэл хар тосоор өнгөлж өмхрөх, муудахаасхамгаална. Мансардны дотор хэсгийг мөн ус чийгнээс тусгаарлах материал тавьж, дулаалгын хөөсөнцөр, шилэн хөвөн бусад материалаар доторлон, тааз болон ханыг хуурай хийцээр хийнэ. Мансардны дулааны систем нь сууцны системтэй нэгдэнэ. Ингэснээр сууц болон дээвэр хэсэг нийлэн, нэгэн амьдрах орчин болно.

Дээврийн хөндийн орон зайг мансард болгонашиглахгүй тохиолдолд дээврийн хөндийн шалыг сайтар дулаалжөгөххэрэгтэй. Учир нь, дээврийн хэсгийг зөвөн хучилт маягаар дулаалахгүйгээр дээрх зургийн дагуу хийдэг. Энэ тохиолдолд нуруу хооронд (ферм) хөндөл брүс эсвэл хучилтын банзыг хадаж түүн дээрээ черепицээ бэхлэнэ.

Дээврийн хөндийг мансард болгон ашиглах тохиолдолд дээврийн хэсгийг дулаалах ач холбогдол нь шалаа дулаалахаас их байдаг. Учир нь, мансард болон сууцны хэсэг нь бүхэл нэг дулааны систем болж өгнө. Хэрэв та дээврийн хөндийг мансард болгон ашиглахыг хүсвэл дээврийн шал хэсгээ хог болон бусад зүйлээс цэвэрлэж ариутган, өмнех дугаарт өгүүлсэн "Давхар дундын хучилт" зөвлегее ёсоор мансардныхаа шалыг хийж болно. Мансардны дээврийн хэсгийг дотроос болон гаднаас нь зургийн дагуу доорх байдлаар дулаалж болно. Шинээр барих сууцаа мансардтай хийе гэвэл мөн адил доорх зургийн дагуу дулаалгаа шийдээрэй.