Барилгын материал бүр өөрийн хувийн чийгтэй байдаг. Харин энэхүү чийгийн багасах нь орчны агаарын харьцангуй чийгшилээс хамаардаг. Материал бүр агаараас өөртөө чийг татаж авах ба мөн хуурай агаарт чийгээ алддаг шинж чанартай байдаг. Орон сууцны тасалгааны температур 18-22°С байхад өрөөний агаарын 40-60% байхыг хэвийн гэж үзнэ.

Аливаа материал нь чийг авч, алдаж байхдаа хөөлт болон суултын деформацид байнга орж байдаг тул барилгын материалууд, бүтээн, эдлэлүүдийг барилга барьж байх болон ашиглалтын явцад агаар, хөрсний болон хурын ус, чийгнээс сайтар хамгаалсан байх шаардлагатай. Чийгшилт цааш удаан үргэлжлэх юм бол доор зурагт үзүүлсэн сөрөг нөлөөллүүд үүсч, барилгын чанар муудаж ашиглалтын хугацаа богиносох болно.

Ус тусгаарлах чанар гэж тодорхой даралттай усыг материалын зузааны дагуу нэвтрүүлэхгүй байхыг хэлнэ. Орчин үед барилгад ус, чийг тусгаарлах материалуудыг өргөн ашиглах болсон. Жишээ нь: хуйлмал хуваниар (полиэтилен) материалууд, шил, төмрийн төрлийн материалууд, хар давирхай (хар тос), хар цаас, ус тусгаарлагч түрхлэг ба өнгөлгөөний зуурмагууд орно. Цанталт нь өвлийн улиралд (-50°С - аас бага температуртай улирал) ихэвчлэн цонх, хаалганы болон хүйтэн агаар сийгэн орж ирж буй ханын булан, шал, хана таазны залгаасуудаар үүсдэг мөсөн давхарга юм. Цанталт нь барилгын материалын чанар болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул үүссэн даруйд нь доорхи аргуудаар засварлан арилгаж байх хэрэгтэй.

Цонхны шилийг цонхны хүрээнд суурилуулахдаа замаск, резинэн жийргэвч болон силиконон цавууг ямар ч зай завсаргүйгээр шахаж хийсэн байх ёстой. Мөн хаалга, цонхны байнга нээгдэж, хаагдаж байдаг хэсгийн резинэн жийргэвчүүдийг зөв хийж. агаар сийгэж буй эсэхийг байнга шалгаж байвал зохино. Хана, шалны болоод хана таазны залгаасуудаар дулаан алдаж буй тохиолдолд 5мм-ээс дээш ан цав байвал зориулалтын савтай хөөсөрдөг дулаалагчийг шахах ба 5мм-ээс бага ан цав, цууралтанд цемент, шохойн шингэн зуурмагийг шахуургаар шахаж битүүлнэ.

Ер нь гадны ус чийгнээс хамгаалахын тулд дээвэр, хана, суурийн хэсгүүдэд ус тусгаарлагчийг сайн хийх хэрэгтэй. Суурийн оройг хар тосоор 2-3 удаа хулдаж хамгаална. Борооны ус зайлуулагч хоолойноос суурийн орчим хөрсөнд их хэмжээний ус хуримтлагдахаас сэргийлж нэмэлт уян хоолойг нэмж залгаснаар усыг сууриас холдуулж болно.