Дулаалгын материалыг хэрэглэх нь барилгын дулааны алдагдалыг бууруулах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг. Барилгыг барихдаа ямар дулаалгын материал хэрэглэх эсэхээ юуны өмнө тооцоолох хэрэгтэй.

Барилгын техник технологи өндөр хөгжсөн эрин үед амьдарч байгаа бид өнгөрсөн зууны технологтойгоо зууралдаад баймааргүй байна.

Монгол орон шиг өвөлдөө хүйтэн, зундаа халуун цаг агаарын бүс нутагт насаараа амьдрах байшингаа барих гэж байгаа бол дулаалгын материалын сонголт дээр ихээхэн анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй.

Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS цагаан хөөсөнцөр, XPS хөөсөнцөр, полиуритан, вермикулит, перлит, мод ургамалаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, цемент, хонины ноос гэх зэрэг маш олон янзын материал хэрэглэж байна. Эдээр материал нь дулааны эсэргүүцэл, цацраг туяа, конвекцийн хувьд харилцан адилгүй байна.

Төлөвлөлт

Дулаалгын материалын зардал нь тухайн барилгын дизайн, цаг агаарын бүс, эрчим хүчний зардал, хувийн мөнгөн хөрөнгийн нөөцөөс их шалтгаална. Мөн нарны цаг, улиралын өөрчлөлт нөлөөлнө. Иймд загвар дизайныг орон нутгийн цаг агаарын өөрчлөлт, нарны тусгал, салхины чиглэлийг анхаарах нь чухал. Монгол орны хувьд өвлийн улиралд ихэвчлэн баруун хойноосоо хүйтэн агаарын урсгал хүчтэй салхилж байдаг тул хойноо болон баруун талдаа дулаалга сайтай битүү цонхгүй хана хийж өгөх нь зүйтэй байдаг.

Мөн тоосгон болон блокон байшин дулааны алдагдал их байдаг тул Канад технологийн дулаалгатай SIP хавтанг хэрэглэх нь илүү тохиромжтой. Энэ нь сайн чанарын дулаалгын материалаар эрчим хүчний хэмнэлтийг 80-90 хувь хүртэл нэмэгдүүлэх давуу талтай.

Цаг агаар

Цаг агаарын хүйтан бүс нутагт

Хамгийн гол зорилт бол барилгын дулааны алдагдлыг бууруулах явдал юм. Цонх, хаалга, дээвэр, тааз, хана зэрэг барилгын бүх хийцүүд нь хүйтэн агаарын урсгал нөлөөг бүрэн эсэргүүцэж чадах дулаалгатай байна. Ханы зузааны хэмжээ нь хамгийн багадаа 15см зузаан EPS цагаан хөөсөнцөрөөр дулаалсан байвал зохино.

Цаг агаарын дулаан бүс нутагт

Дулаан уур амьсгалтай бүс нутагт нарны энергийн дулаанаас хамгаалалт хийх явдал юм. Цонхоор нэвтрэх нарны туяа дулааны энергийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ. Дан шил нарны энергийн 78-85 хувийг чөлөөтэй нэвтрүүлдэг.

Нарны шууд тусгалыг багасгахын тулд тусгай зориулалтын сүүдрэвчийг цонхонд хийж өгдөг. Цонхноос гадна хана дээвэр тааз халж, өрөөний температурыг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Үүнийг тулд дулааны эсэргүүцэл ихтэй дулаалгын материал ашиглаж, өрөөний дулааны температурыг тогтворжуулна. Үүний тулд хүйтэн сэрүүн бүс нутагтай харьцуулбал илүү их эсэргүүцэлтэй дулаалгын материал хэрэгтэй болдог.

Дулааны эсэргүүцэл

Дулааны эсэргүүцлийг R-value хэмээх нэгжээр тодорхойлох бөгөөд метрийн СИ систем болон АНУ-ын инчийн системээр илэрхийлдэг. Тухайлбал:

Байшингийн дээврийн хөндийн дулаалгын материалын дулааны эсэргүүцэл АНУ-ын инчийн системээр R-38 байх ёстой гэж үзвэл метрийн СИ системд бол 38*0.176=6.7 болно.

Хамгийн тохиромжтой дулаалгын материалууд

Шилэн хөвөн

Хамгийн түгээмэл дулаалгын материал юм. Энэхүү материалыг энгийн болон өндөр нягтралтай гэж ангилдаг бөгөөд эдгээрийг барилгад хэрэглэх зориулалт нь өөр өөр юм. Өндөр нягтралтай шилэн хөвөнг чөлөөт орон зай багатай газар хэрэглэнэ.

Шилэн хөвөнг барилгад хэрэглэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй дүрмийг чанд мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд тусгай хамгаалалтын ажлын хувцас хэрэглэх нь зүйтэй. Учир нь шилэн хөвөн нь агаарт амархан дэгдэж, амьсгалын замын эрхтэн, нүд, арьсанд хортой нөлөө үзүүлдэг. Формальдегидийн хорт хий ялгардаг учир уушиг болон арьсанд цочирол өгдөг.

Гэвч Францын Saint Gobain группийн үйлдвэрлэж байгаа Isover шилэн хөвөн нь дээрхи хорт нөлөөг багасгаж чадсанаараа дэлхийн зах зээлд тэргүүлж байна.

Үйлдвэрийн үнийн санал

Нягтрал Зузаан Стандарт шилэн хөвөн K18 тугалган
цаастай шилэн хөвөн
K18 тугалган
цаастай Isover
шилэн хөвөн
1 12кг/м³ 100мм 7.12 юань/кв.м 8.12 юань/кв.м 8.96 юань/кв.м
2 12кг/м³ 120мм 7.94 юань/кв.м 8.94 юань/кв.м 9.95 юань/кв.м
3 14кг/м³ 100мм 7.8 юань/кв.м 8.8 юань/кв.м 9.78 юань/кв.м
4 14кг/м³ 120мм 8.76 юань/кв.м 9.76 юань/кв.м 10.94 юань/кв.м
5 16кг/м³ 100мм 8.49 юань/кв.м 9.49 юань/кв.м 10.61 юань/кв.м
6 16кг/м³ 120мм 9.59 юань/кв.м 10.59 юань/кв.м 11.93 юань/кв.м

Техникийн үзүүлэлт

Урт=24.4м
Өргөн=1.22м
Дулаан тусгаарлах чадвар = 0.041w/m.k

Нэг инч буюу 2.54см зузаан шилэн хөвөнгийн дулаан эсэргүүцэл 2.9-3.8 R value байдаг.

Үйлдвэр дээр хийсэн сурвалжлага

Энэхүү дулаалгын материал нь төмөр каркастай Канад хаусын станпартын дагуу 1,22м өргөнтэйгөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд Эрээн хотод худалдаалж байгаа шилэн хөвөнгөөс чанарын хувьд илүү. Үнийн хувьд ч бас харьцангуй хямд байлаа. Тухайлбал: Эрээн хотод 5 см зузаан, 12кг/м3 нягтралтай шилэн хөвөнгийн нэг кв.метр нь 7,5 юань байхад үйлдвэрээс 5 см зузаан, 12кг/м3 нягтралтай шилэн хөвөнг 7,12 юанаар худалдан авч болно. Эндээс харахад хоёр дахин зузаан шилэн хөвөнг үйлдвэр дээрээс нь авахад 0,38 юанаар хямд байна.

Glass wool

Зураг дээр: 100мм зузаан шилэн хөвөн.

glass wool

Зураг дээр: K18 тугалган цаастай Isover шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 8,96 - 11,93 юань/кв.м

glass wool

Зураг дээр: K18 тугалган цаастай шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 8,12 - 10,59 юань/кв.м

glass wool

Зураг дээр: Стандарт шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 7,12 - 9,59 юань/кв.м

Хөвөн даавуу

Энэхүү дулаалгын материал нь хөвөн хуучин даавуу болон хуванцар мяндаснаас бүрддэг. Давуу тал нь гэвэл зөөлөн бөгөөд шилэн хөвөн шиг загатнуулахгүй. Ямар нэгэн химийн хорт бодисын хэмжээ бага боловч хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэх боломжтой.

Нэг инч буюу 2.54см зузаан хөвөн даавууны дулаан эсэргүүцэл 3.0-3.7 R value байдаг.

Ноос

Хонины ноос нь хөвөн даавуутай ижил боловч үйлдвэрлэлийн явцад хорхой шавьж, мэрэгчид үүрлэхээс сэргийлсэн хольцтой. Америк, Англи, Австрали болон Европын орнуудад хамгийн өндөр үнэтэй дулаалгын материалд тооцогдох боловч барилгын экспертүүдээс хамгийн их үнэлэлт авч чадсан цорын ганц эко дулаалгын материал юм.

Хонины ноосыг барилгын салбарт дуу болон дулаан тусгаарлагчаар хэрэглэх бөгөөд нэг инч буюу 2.54см зузаан хөвөн даавууны дулаан эсэргүүцэл 3.4-4.2 R value байдаг.

Хонины ноосоор дулаалгын материал хийхийн тулд 9:1 харьцаагаар хонины ноосонд шилэн хөвөнг хольдог. (Энэ бол нууц жор!!!)